Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ИТХ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цагаан-Овоо сумын танилцуулга

2015-05-27

1915-1920 оны үед ОХУ-ын Агын тал нутгаас нүүдэллэн ирсэн тус сумын дээд үеийнхэн 1935 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол гэдэг газарт Цагаан-Овоо сумыг байгуулсан юм.
Тус сумын нийт хүн амын 98 хувь нь хөдөлмөрч, ажилсаг удамтай буриад зон.
Цагаан-Овоо сумыг 1945 онд БНМАУ-ын Засгийн газрын мөнгөн сүлдтэй Хүндэт үнэмлэхээр шагнаж маршал Х.Чойбалсан, 1969 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 272 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, нарийн бичгийн дарга Ц.Готов нарын гарын үсэг зурсан бичиг баримтууд эдүгээ сумын музейд хадгалагдаж байдаг юм.
Цагаан-Овоо сум улсын нийслэл Улаанбаатар хотоос 650, Дорнод аймгийн төвөөс 120 км зайд тал хээрийн бүсэд оршдог.
Тус сум 6 баг, 650200 га эдэлбэр газар, 3672 шахам хүн ам, 157000 толгой 5 хошуу малтай Дорнод аймгийн томоохон сумын нэг.
Чойбалсан хотыг ОХУ-тай холбосон засмал зам манай сумын нутгаар өнгөрдөг бөгөөд УИХ-ын 1998 оны 26 дугаар тогтоолоор Тосон Хулстайн хялганат хээрийг Монгол улсын байгалийн нөөц газар болгосны 192598 га нь тус сумын нутагт бий.
Унаган төрхөө алдаагүй энэхүү хялганат хээрт Дэлхийд ховордсон цагаан зээр өсөн үржиж байна.
Гүн Цэнгэлэг нуурын амралт, эртний Кидан гүрний түүхийн дурсгалт Хэрлэн бар хот, 20 гаруй төрлийн шувуу үрждэг Тогоруун булгийг дамжсан аялал жуулчлалын маршрут бий болж байна.
Тус сумын нутагт тарвага, үнэг, хярс, чоно, цагаан зээр, тоодог, галуу, нугас зэрэг агнуурын амьтад, чихэр өвс, таван салаа, сөд, гишүүнэ, халгай, нохойн хошуу зэрэг эмийн, хиаг, ерхөг, ботууль, таана, мангир, нарсан өвс, тарна, дэрс зэрэг бэлчээрийн үнэт ургамал элбэг тохиолдоно.
Цагаан-Овоо сумын 24 дайчин эрс 1939 оны, 104 хүн 1945 оны дайнд мордож эх орны Их дайны галыг унтраалцсаны гадна 25 хүн эдгээр дайны үед хилийн чандад тусгай үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.
Манай сумын Хувьсгалт намын үүрийн нарийн бичгийн дарга Вандын Цэрэндорж, Дорнод талын алдарт хоньчин Раднын Цагаандамдин нар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Цагаан-Овоо сумыг 26 жил удирдсан Доржийн Батхуяг, алдарт саальчин Дамбын Ичинхорлоо нар Гавъяат нэгдэлчин, дуучин Гомбын Цэрэнханд, Алтангэрэлийн Бүтэд нар Гавъяат жүжигчин, улсын начин Галсанжамцын Пүрэв-Очир Спортын гавъяат дасгалжуулагч, нэрт орчуулагч Гүрбазарын Амар, гоо марал шагналт кино зохиолч Чимидийн Гомбо нар Соёлын гавъяат зүтгэлтэн, сансрын нисгэгчээр бэлтгэгдэж байсан Санжаадамбын Сайнцог Үйлчилгээний гавъяат ажилтан, Их Монгол улс байгуулагдсаны 800, Ардын Хувьсгалын 85 жилийн ойд амжилттай барилдсан Дондогийн Цогзолдорж Улсын начин цол хүртэж байсан.
1963 оноос хойш 10 хүн МУ-ын аварга малчин, 7 хүн улсын аварга тариаланч механикжуулагч, 36 хүн Дорнод аймгийн аварга малчин, 23 хүн МУ-ын бусад салбарын Тэргүүний ажилтан, 24 хүн Дорнод аймгийн салбаруудын Тэргүүний ажилтан, 16 хүн Монгол улсын Тэргүүний уран сайханч, 10 хүн спортын мастер, 2 хүн улсын начин цолоор шагнуулсан юм.
Олонд алдаршсан 100 гаруй дууны ая зохиосон хөгжмийн нэрт зохиолч Гончигдамбын Дарамзагд, Ардын Хувьсгалын партизан Аюушийн Цогт нар тус сумын уугуул иргэд.
Сумын аварга цолыг 250 гаруй, төрийн дээд шагнал, одон медалийг 100 гаруй хүн хүртээд байна.
Манай сумын 480 гаруй залуучууд тусгай мэргэжлийн болон их, дээд сургууль төгсч улс, эх орныхоо төрөл бүрийн салбарт амжилттай ажиллаж байгаагийн гадна 100 гаруй оюутан төрөл бүрийн мэргэжлээр одоо суралцаж байна.
Манай сумын уугуул 12 хүн АИХ-ын депутатаар сонгогдон төр түшилцэж явсаны 4 нь 1992 онд ардчилсан шинэ үндсэн хууль батлалцсан юм.
1999 оноос хойш тус суманд Галуут хоршоо, “Заан өндөр”ХХК, “Дайхар” ББН зэрэг 11 аж ахуйн нэгж байгуулагдан бизнесийн таатай орчин бий болж иргэдийн өдөр тутмын хэрэглээний хангамж өдрөөс өдөрт сайжирч байна.
Цагаан-Овоо сумын нийт иргэд 1997 оноос эхлэн “Ах дүүгийн ариун холбоог сэргээн бэхжүүлэх” зорилтын хүрээнд олон талын үйл ажиллагаа явуулж байгаагийн үр дүнд хөдөөгийн иргэд зах зээлийн нийгмийн онцлог, мөн чанарыг сайтар ойлгон ядуурлаас ангижирч мал аж ахуй, төмс хүнсний ногооны тариалалтыг сайжруулан жижиг үйлдвэрийг хөгжүүлж сайн сайхан аж төрж байна.

ямар хэлбэрээр мэдээллээ хүргэх вэ

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%